Олон улсын Энхтайвны өдөр

2018-09-22

 НҮБ-аас 1981 оноос жил бүрийн 9-р сарын 21-ний өдрийг Олон улсын энх тайвны өдөр болгон зарласантай холбогдуулан Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Шашны байгууллагын төлөөллүүд, Төр засгийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2001 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил Монгол дахь шашны төлөөллүүд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл хамтран Олон улсын энх тайвны өдрийг “Энх тайван байдал - Хүн бүрийн эдлэх эрх” уриан дор Сүхбаатрын талбайн урдах Энх тайвны хонхны дэргэд тэмдэглэн өнгөрүүллээ.

 Монгол дахь НҮБ-н Суурин зохицуулагчийн газрын мэргэжилтэн А.Цэцэгмаа НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресийн илгээлтийг уншин танилцуулав. Үүний дараагаар зул мандааж, энх тайвны хонхыг цохин хурсан олны хамтаар дэлхий дахины энх тайвны төлөө нэг хором чимээгүй зогсон хүндэтгэл үзүүллээ.

Дараа нь шашнуудын төлөөлөл Хиндү шашны төлөөлөл, Буддын шашны Зүүн Хүрээ Дашчойлин хийд, Христийн шашны Католик сүм, Исламын шашны төлөөлөл, Шинто шашны Оомото Монгол төв, Монголын Бахайн Үндэсний Оюун Санааны Чуулга гэх шашнууд үүсэл гарлынхаа он дарааллын дагуу энх тайвны төлөө мөргөл залбирлаа уншин зул мандааж, энх тайвны хонхыг цохих ёслолыг үйлдсэн билээ.

Мөн 2016 оноос эхлэн шашны төлөөллүүд өөрсдийн бичсэн энх тайвны төлөөх бичээсийг Монгол дахь НҮБ-н Суурин зохицуулагчийн газарт жил бүр дамжуулхаар болсоны дагуу энэ жилийн бичээсийг шашны төлөөллөөс НҮБ-н Суурин зохицуулагчийн газрын мэргэжилтэн хатагтай А.Цэцэгмаад гардуулан өгсөн билээ.    

 Энх тайвны төлөө эвлэлдэн нэгдсэн шашны төлөөлөгчид хамтдаа дурсгалын зураг татуулан, бүх шашны төлөөлөгчид хамтдаа Энх тайвны хонхыг цохих ёслолыг үйлдсэнээр уг үйл ажиллагаа өндөрлөлөө.