Шашин хоорондын хамтын нөхөрлөл - ХҮРЭЭ МАЙДАР: ЭНЭРЭЛ, НИГҮҮЛСЭЛ  

2018-07-05

ХҮРЭЭ МАЙДАР БУРХАНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ

   2018 оны 7 сарын 1 өдөр “Хүрээ Майдар” бурханы нээлтийн ёслол Зүүн Хүрээ Дашчойлон хийдэд болж өнгөрлөө. Шашин номын үйл ажиллагаа дахин сэргэсэн 1990 оны эхэн үеэс тус хийдийн хамба лам, МУСГЗ, доктор, профессор Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд Монголчуудын уламжлалт шашин соёлын нандин өв болох “Хүрээ Майдар” бурханыг дуганы хамт дахин сэргээхийг санаачлан эхлүүлсэн билээ. Улмаар барималч Н.Оргилын бүтээсэн эх загварын дагуу 19 метр өндөр Майдар бурханыг БНХАУ-ын Сы-чуань мужийн Чэндү хотод 2010 оноос эхлэн Хятад, Төвд, Балбын урчууд зэс хөөмлөөр урлан бүтээжээ.

  Энэхүү “Хүрээ Майдар” бурханы нээлтийн ёслолд МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн албаны төлөөлөл, Монгол, Япон, Хятад, Солонгос, Тайланд, Орос, Шриланк, Сингапурын нийт 8 орны шашны төлөөлөл, шашин судлаачид оролцсон билээ.  Оомото төвийн төлөөлөгч Такасэ Жүнсүкэ бусад орны шашны төлөөллийн хамтаар “Хүрээ Майдар” бурханы нөмрөг буулгах,мэлмий нээх ёслолд оролцож, нээлтийн ёслолд хуран цугласан 500 гаруй сүсэгтэн олны хамтаар хурайлан залбирлаа.

   1834-1837 онд анхны Хүрээ Майдар бурханыг 7 алд буюу 50 тохой өндөртэй бүтээж байсан ба бурхан шашныг дарсан хэлмэгдүүлэлтийн үе буюу 1942-1943 онд устгагдсан байна

ХҮРЭЭ МАЙДАР: ЭНЭРЭЛ, НИГҮҮЛСЭЛ   

    2018 оны 7 сарын 2 өдөр "Зүүн Хүрээ" Дашчойлон хийд, Бурханы шашин соёл судлалын хүрээлэн зохион байгуулсан "Хүрээ Майдар: Энэрэл, Нигүүлсэл" олон улсын симпозиум Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны хурлын танхимд болж өнгөрлөө. Тус хуралд Монгол, Япон, Хятад, Солонгос, Тайланд, Шриланк, Сингапур, Орос зэрэг нийт 8 орны 100 гаруй зочид төлөөлөгчид оролцов.

   Энэхүү симпозиумд Монгол, Япон, Хятад, Солонгос, Тайландын нийт 18 илтгэгч "Дэлхий дахин ба Монголын бурхан шашны төлөв байдал", "Майдар бурханы уламжлал, шүтлэг", "Майдар бурханы онол сургаал"-ын талаар илтгэл тавьсан ба Оомото төвийн төлөөлөгч Такасэ Жүнсүкэ “Оомотогийн Майдарын тодорхойлолт” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.