ДЭЛХИЙН ШАШНЫ ӨДӨР Эдийн засгийн асуудалд оюун санааны шийдэл олох нь

2017-01-21

Дэлхийн шашны өдрийг 1950 оноос эхлэн жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт дэлхийн Бахайн шашны оюун  санааны чуулганаас уламжлал болгон тэмдэглэж иржээ. Уг үйл ажиллагааг Монгол улсад 1999 оноос Монголын Бахайчуудын Үндэсний Оюун  Санааны  Чуулганаас тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд Шинто шашныг төлөөлөн “Оомото” байгууллага жил бүр оролцдог билээ. 

Энэ оны үйл ажиллагаанд Хиндү шашин, Буддын шашин, Христийн шашин, Исламын шашин, Шинто шашны Оомото Монгол төв, Ананда Марга Бясалгалын төв, Бахайн шүтлэгийн төлөөлөгчид оролцон Даян дэлхийн энхтайвны төлөө мөргөл үйлдэж “Эдийн засгийн асуудалд оюун санааны шийдэл олох нь” сэдвээр илтгэл тавьсан юм.

 Уг арга хэмжээнд оюун санаа, боловсрол гэгээрлийн сургаал, зарчмуудын талаар сонирхож ажилладаг төр, төрийн бус байгууллагуудын эрдэмтэн мэргэдийн төлөөлөл МУИС-ийн Философи шашин судлалын тэнхимийн багш  Дэмбэрэл, Гантуяа болон оюутны төлөөлөл, Шинжлэх ухаан философийн хүрээлэнгийн эрдэмтэн Алтайбаатар, Мягмарсайхан, Сүхбаатар Дүүргийн шашны асуудал хариуцсан мэргэжилтэн Эрдэнэчимэг, Жавзанхорол болон бусад төр, төрийн бус байгууллагуудын ажилтан, хувь хүмүүс оролцов. МУИС-ийн Философи шашин судлалын тэнхимийн багш  Дэмбэрэл, Соён гэгээрүүлэгч телевизийн захирал Хишигсүрэн нар уг арга хэмжээнд өндөр ач холбогдол өгөн, “Эдийн засгийн асуудалд оюун санааны зөв шийдлээр хандах нь” чухал сэдэв болсоор байгааг онцлон тэмдэглэв.

 Шашны төлөөллүүд “шуналын сэтгэлээс сэрэмжилж өөрт байгаадаа сэтгэл хангалуун байх”, “дан ганц эдийн засгийн хөгжил биш оюун санааны хөгжил нь нийгэмд чухал үүрэгтэй”, “боломжит нөөцийг хамгийн оновчтой хувиарлах” гэсэн үзэл баримтлалд нэгдэн өөр өөрийн сургааль номлолд хэрхэн заан сургасаныг тайлбарлан илтгэл тавьсан билээ.