ОЛОН УЛСЫН ЭНХ ТАЙВНЫ ӨДӨР

2016-09-10

"Тогтворвой хөгжлийн зорилтууд – Энх тайвны үйл хэргийн нэгэн хэсэг"
НҮБ-аас 1981 оноос жил бүрийн 09 дүгээр сарын 21-ний өдрийг Олон улсын энх тайвны өдөр болгон зарласантай холбогдуулан Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Шашны байгууллагын төлөөллүүд, Төр засгийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2001 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил Монгол дахь шашны төлөөллүүд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл хамтран Олон улсын энх тайвны өдрийг “Энхийн төлөө бүтээн байгуулья” уриан дор Дашчойлон хийдийн энх тайвны хонхны дэргэд тэмдэглэн өнгөрүүллээ.    Арга хэмжээг нээж Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман үг хэлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний илгээлтийг уншин танилцуулав. Дараа нь шашнуудын төлөөлөл Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулган, Зүүн Хүрээ Дашчойлин Хийд, Монгол дахь Католик Сүм, Шинто шашны Оомото Монгол Төв, Тайланд улсын Бага Хөлгөний Бясалгалын Төв, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоо, Хинду шашны Индия клуб, Их хөлгөний Уламжлалыг хадгалах Төв, Ананда Марга Бясалгалын Төв, Брахма Кумарис Ража Иога Төв, зэрэг шашнууд үүсэл гарлынхаа он дарааллын дагуу энх тайван, амар амгалангийн төлөө мөргөл залбирлаа уншин зул мандааж, Энхтайвны хонхыг цохих ёслолыг үйлдсэн билээ. Энэ жилээс эхлэн шашны төлөөллүүд өөрсдийн бичсэн энх тайвны төлөөх бичээсийг Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт жил бүр дамжуулж байхаар болсон билээ. Энэхүү бичээсийг шашны байгууллагуудыг төлөөлөн Зүүн Хүрээ Дашчойлин Хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманд гардуулан өгсөн юм. Энх тайвны төлөө эвлэлдэн нэгдсэн шашны төлөөлөгчид хамтдаа дурсгалын зураг татуулан, бүх шашны төлөөлөгчид хамтдаа Энх тайвны хонхыг цохих ёслолыг үйлдсэнээр уг үйл ажиллагаа өндөрлөлөө.